Уламжлалт галлагаа буюу цаас, модоо хийгээд дээрээс нь түлш хийх, үнсээ авахгүй галлах нь буруу гэдгийг та мэдэх үү? Ингэж галлах нь олон дахин галлахад хүргэдэг төдийгүй, утаа ихээр ялгаруулдаг байна. Тэгвэл хэрхэн зөв горимоор галлах вэ? Энэ талаар 30 жил зуух хийсэнпийшин, зуух үйлвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Т.Алтанхуягаас тодрууллаа.
Тэрбээр “Цогон дээр нэмж түлэхээр нүүрс хурдан шатна. Найман литрийн багтаамжтай хувингаар нүүрс хийхэд хоёр цагийн дотор дүрэлзтэл шатаад, асар их утаа гарна. Хэрвээ бүрэн технологийнх нь дагуу дээрээс нь галлах юм бол 6-8 цаг шатдаг. Тэгэхээр уламжлалт зуухны гал түлдэг арга доороос нь галаа асаадаг. Модоо доор нь хийж байгаад дээр нь нүүрсээ хийдэг. Дулаан өгч байвал яаж ч хамаагүй галлаж болно гэж ойлгож болохгүй. Бид байгалийн гаралтай мод, амьтны гаралтай аргал, хомоол, хөрзөн түлж байсан. Үүнд нь хүнд элемент байхгүй. Экологийн бохирдол асар бага байсан. Бид тэр хуучин галладаг ёсоороо галлаад байгаа. Тэгэхээр бид дахин сэргээж, сурах хэрэгтэй. Шаталттай зуухны зөв галлагаа нь дотор талдаа ямар ч үнсгүй, цоггүй, цэвэрлэчхээд дээрээс нь нүүрсээ хийнэ. Дараа нь мод, цаасаа хийчхээд галаа асаана. Ерөнхийдөө мод шаталтын хугацаа 20 минут байдаг. Энэ хугацаанд 12-13 минут утаа гараад доошоо түлш нь асахад утаа гарахгүй гэж ойлгож болно.
ЗӨВ ГОРИМООР ГАЛЛАХ НЬ ЭКОЛОГИЙН БОХИДОЛ БАГА ГАРГААД ЗОГСОХГҮЙ ТҮЛШИНД ХЭМНЭЛТТЭЙ
Би хоёр ижилхэн зууханд хоёр янзаар гаргаж үзүүллээ.Энэ шаталт явагдаж байна уу, явагдаж байна. Яндангаар гарч байгаа утаа маш бага байгаа биз. Харахад энгийн боловч мөн чанартаа галлагаа маш чухал. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо асар чухал. Дэвшилтэт технологи, сайн зуух, сайн түлш хэрэглэсэн ч гэсэн сайн зуух, сайн түлшин дээр буруу галлагаа хийх юм бол утаа гардгаараа л гарна.
Сайн судалгаа хийгээд зөв дүгнэлтээ гаргаад шийдэх юм бол энэ бас ч тийм болохоо байчихсан асуудал биш шүү дээ” гэж зөвлөсөн юм.
Галаа зөв арга техникээр түлж, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй зуухаа сольж утааг бууруулж, амьдрах орчноо сайжруулахад иргэн таны оролцоо маш чухал юм байна шүү.
Эх сурвалж: Өрөг.мн