С.Амарсайхан: Хийн хэрэглээ рүү шилжих замаар агаарын бохирдлыг багасгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг баталсантай холбогдуулан 2023-2024 он хүртэл гүйцэтгэх ажлын инженер техникийн зураг боловсруулах асуудлыг шуурхай эхлүүлэхийг үүрэг болгосон тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өчигдөр цахимаар уулзаж ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан юм. Ингэснээр, байгалийн хийн хоолойн төсөл бодит ажил болох дараагийн шатанд шилжиж буйг тодотгов.

Хоёр жил орчим үргэлжилж буй цар тахлын үед хоёр талын хамтарсан ажлын баг Улаанбаатар, Москва хотод гурван удаа уулзаж 2021-2022 оны ажлын төлөвлөгөөг баталсныг Шадар сайд дурдаад, энэ дагуу ТЭЗҮ боловсруулах ажил ноднин 12 дугаар сарын 15-нд дууссаныг тодотгов. 2019 оны 12 дугаар сард одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж, Байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэх баримт бичигт гарын үсэг зурж байсан нь өдгөө албан ёсоор бодит ажил болох шатанд шилжиж буйг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй ноднин долоодугаар сард утсаар ярихдаа төслийг эрчимжүүлэх талаар санал солилцсон бөгөөд төрийн тэргүүнүүд байр сууриа нэгтгэн ажиллаж буйг тодотгов.

Энэ төсөл хэрэгжсэнээр, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулах ажил 2024-2027 онд өрнөх юм. Манай улс хийн хэрэглээнд хэвшээгүй ч ойрын хугацаанд аажмаар хийн хэрэглээнд шилжих суурийг тавихаар дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах 1-2 цахилгаан станц байгуулах тооцоо судалгааг хийж буйг дуулгав. Цаашдаа шинээр бий болох хот суурин газрыг хийн хэрэглээ рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэрт нэвтрүүлэх боломжийг Эрчим хүчний яам судалж байгааг тэмдэглээд, Монгол Улс дотоодын хэрэгцээг хангах асуудлаар ОХУ-ын талтай урьдчилж зөвшилцсөн гэдгийг хэллээ.