Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр "Би Монгол Улсын иргэнийхээ хувьд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтад саналаа өглөө. Энэ сонгуульд нэлээд урт удаан хугацааны турш үргэлжиллээ. Анх удаа дахин сонгууль болж байна. Энэ хугацаанд иргэдийг талцуулж, "хар" пиар сурталчилгаа явуулж, хууль бус ажиллагаа их явагдлаа. Иймээс иргэд маань талцсан, хуваагдсан байдал бий болж байгаад их харамсаж байна. Би эрх мэдэл, албан тушаалаас илүү эв нэгдлийг эрхэмлэдэг хүн гэдгээ хаана ч, хэзээд ч хэлнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр сонгох эрхээ эдлэх ёстой. Гэтэл зарим улс төрийн хүчний зүгээс иргэдийн сонгох эрхэд халдах үйлдлийг удаа дараа хийж байна. Тухайлбал, миний бие сонгуулинй сурталчилгааны заасан хугацаа дууссаны дараа М.Энхболд нэр дэвшигчийг сонгоорой гэж уриалбал хууль зөрчсөн хэрэг болно. Харин зарим улс төрийн хүчин цагаан хуудсаар санал өгөөрэй хэмээн уриалж, сонгогчийн эрхэнд халдаж байгаа нь зүй бус юм. Иймд сонгогч та бүхэн сонгох эрхээ өөрсдийн хүсэж, санаж буйгаар чөлөөтэй эдлэх нь зүйтэй. Мөн энэ санал хураалтын ирц бүрдэж өндөрлөөсэй гэж хүсэж байна. Монголчууд наадмын маргааш намар гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намар дуусах учиргүй. Тиймээс наадмын өмнө сонгуулиа сайхан өндөрлүүлж, эвтэй сайхан наадацгаая. Монгол түмэндээ морь нь хурдан, бөхчүүд нь хүчтэй, харамсан сум нь оноч мэргэн байхын ерөөлийг дэвшүүлье.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 13.40 цаг орчимд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр байрлаж байгаа сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Энэ үеэрээ тэр залуучуудыг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдолд хамгийн түрүүнд 60 тэрбум төгрөгийн маргааныг эцэслэх, оффшор дансны асуудлыг цэгцлэх зэрэг ажлыг амжуулна хэмээн мэдэгдэв.