Авлига хүнд суртлыг үгүй хийхийн тулд ил тод, нээлттэй, цахимд шилжихээс гадна хууль эрх зүйн орчин шаардлагатай. Тэгвэл энэ оны тавдугаар 1-нээс Цахим хөгжлийн хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад түлхэц өгөх юм. Нийслэл хот ч цаашид цахим шилжилт, авлига хүнд суртлыг бууруулах том амбицтай байна.
-Авлигатай тэмцэх газрын гаргасан шударга байдлын үнэлгээг тогтоох судалгаагаар НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарлаа. Энэ бол төрийн үйлчилгээний байгууллагууд дотроо тодорхой хэмжээний манлайлалтай оролцож байгаа хэлбэр болов уу. Цаашид бусад төрлийн төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудтай НЗДТГ ямар манлайлалтай оролцох вэ?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Дөрөвдүгээр сарын 4-нд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас мэдээлэл, сонсгол хийлгэж, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Шударга ёсыг эрхэмлэе” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, санал солилцсон томоохон арга хэмжээ боллоо. Авлига бол хүн аливаад донтдогтой адил. Наанаа авлига гэсэн цөөхөн үсгээр илэрхийлж байгаа ганц үг боловч цаад үр дагавар нь улс орон, хөгжил, ирээдүйн хүүхэд, залуучуудын бүх боломжийг булааж авдаг, асар хортой зүйл. Энэ донтолтоос гарахын тулд соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой. Дүүргийн шат шатны удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэй. Бид ч гэсэн хяналтын механизмаа ажиллуулья гэсэн зарчмын бодлогын шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Дахиад соён гэгээрүүлэх ажлуудыг хийнэ. Хандлагаа өөрчилж, төрийн үйлчилгээ гэж юу байдаг талаар сургалт болон соён гэгээрүүлэх ажлуудыг давхар хийгээд хүн рүүгээ чиглэсэн хөгжүүлэлтийг хийхэд учиртай гэж ойлгож байгаа. Хүнээ хөгжүүлэхгүй, хүн рүүгээ тулж очихгүй учраас бид авлигын индексийг бууруулна, арга хэмжээ авна, шийдвэр гаргана гэж мянга яриад авлига буурахгүй. Тэгэхээр ерөөсөө хүнтэйгээ тулж ажиллах нь чухал. Шийдвэр гаргах, удирдах түвшний 500 гаруй хүн энэ зөвлөгөөнд оролцсон. Эдгээр хүмүүс эхлээд уураг тархиа зөв болгож ажиллах ёстой. 500 орчим төрийн жинхэнэ албан хаагч, удирдах түвшний хүмүүс сэтгэлтэй, бодлоготойгоор зэрэг хөдлөхөд авлигыг дор нь бууруулж, иргэдийн төрийн албанд итгэх итгэл сэргэн, иргэд-төрийн гүүр болсон нийслэлийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна. Үндэсний эв нэгдэл эндээс эхэлнэ. Энийг цэгцлэх ёстой. Тэгж байж бид энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэж Хотын дарга онцлов.
Гэхдээ дан ганц хууль, эрх зүйн орчин, цахим шилжилт гэх мэт ажлуудыг хэрэгжүүлснээр авлига, төрийн албаны хүнд суртал 100 хувь үгүй болох боломжгүй. Илүү үр дүнтэй болгохын тулд төрийн албан хаагчдад ёс зүй, харилцаа, хандлагад нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт, нөлөөллийн ажлуудыг хийж эхлүүлсэн байна.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахад иргэдэд дарамт болохгүйн тулд шат дамжлагыг багасгахаар төлөвлөжээ. Учир нь 2022 оныг “Иргэн төвтэй Улаанбаатар” болгохоор хотын удирдлагын баг зорьж байна.