Монгол Улсаас БНХАУ руу дулааны аргаар боловсруулж, гүн хөлдөөсөн үхэр, хонины мах экспортлох боломж бүрдсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэв.
Коронавирусний халдварын улмаас өнгөрсөн оны 30-наас хойш зогсоод байсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх талаар ГХЯ болон холбогдох байгууллагууд хятадын талтай хамтран ажилласны дүнд үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөл энэ сарын 20-нд бүрдсэн байна. Махны экспортыг Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу эхлүүлж, цаашид үе шаттай нэмэхээр тохиролцжээ.
Ташрамд дурдахад, ХХААХҮЯ-наас 2020 онд гаргасан тайланд Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 12, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй 6, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 15, нядалгааны эрхтэй 10 аж ахуйн нэгж байна.