Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хэрэгжилтэд ХБНГУ-ын Засгийн газар, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага, НЗДТГ хамтран ажилласан юм. Тэгвэл өнөөдөр төслийн үр дүнг дүгнэсэн хаалтын үйл ажиллагаа боллоо. Эрчим хүчийг хэмнэх зорилготой энэхүү төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны ипотекийн зээлийг нэвтрүүлэх загвар төслийг 2020, 2021 онд хэрэгжүүлжээ. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд өвлийн улиралд нүүрс түлдэггүй 26 байшин барьж, төрөл бүрийн хийц бүхий 24 байшингийн загварыг бэлэн болгосон байна.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн байр хүйтэн байдгийн улмаас сурагчид болон багш, ажилчид өвдөх, улмаар хичээл тасалдах нөхцөл байдал үүсдэг. Иймд барилга байгууламжийн дулаан алдалтыг багасгах, сурах эрүүл, таатай орчинг бий болгох зорилгоор тус төслийн дулаан-техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн гэр хорооллын нийт 22 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар, иж бүрэн дулаалга хийжээ. Үүний үр дүнд сурагчдад сурч боловсрох таатай орчин бүрдээд зогсохгүй дулааны эрчим хүчний хэрэглээ 48-50 хувиар буурсан байна. Энэ нь цаашлаад агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхэд ч хувь нэмрээ оруулж буй юм.
Монгол дахь Швейцарын Хөгжлийн агентлагийн тэргүүн Стефани Бурри “Хамгийн чухал нь хамтын хүч, хамтын хөдөлмөр энэ төслөөс харагдаж байна. НЗДТГ болон Герман, Швейцарын ард түмний татварын хөрөнгөөр санхүүждэг эдгээр нийгэмлэг төслийг ийнхүү амжилттай хэрэгжүүлсэн нь чухал үр дүн билээ” хэмээн онцолсон.
Хаалтын үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль болон 80 дугаар цэцэрлэгт болсон бөгөөд тус сургууль, цэцэрлэгийн барилгаас төслийн гол үр дүн болох эрчим хүчний хэмнэлттэй засвар шинэчлэлийн үр өгөөж харагдаж байлаа.
Төслийн үр дүнгийн тухайд 65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа “Манай сургуулийн байр 1985 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсноосоо хойш иж бүрэн засвар хийж байгаагүй учраас их хүйтэн байдаг байлаа. Тиймээс сургуулийн барилгыг дулаалах, их засвар хийх хүсэлтээ Нийслэлийн Боловсролын газарт уламжилж, НЗДТГ бидний нөхцөл байдлыг харгалзаж төсөлд хамруулсан. Цаг үеэ олсон энэхүү төсөлд хамрагдсанаар хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдэж чадсан. Энэ нь сурагчдын хүмүүжил, сургалтын чанарт сайнаар нөлөөлж байна. Танхимын сургалтад бүрэн шилжиж буй энэ цаг үед сургалтын үйл ажиллагаа аятай тухтай, дулаан орчинд явагдах боломжтой боллоо” гэсэн юм.