Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй

Газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 28-29-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг ХХААХҮЯ мэдээлэв. 

Тодруулбал, нөгөөдрөөс 6 дугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр нөгөөдөр салхий нутгийн зарим газраар, 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх юм. Энэ сарын 28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 

Түүнчлэн, нөгөөдөр ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнө 2-7 хэм хүйтэн, өдөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрч, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 


Харин энэ сарын 29-30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарах аж.