Борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг, хагшаасыг цэвэрлэн, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 80 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4747 м3 лаг, хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу  ажиллаж байна.

Энэ хүрээнд

Сүхбаатар дүүрэг: 1-р хороо Нарны замын борооны ус залуулах суваг

Хан-Уул дүүрэг: 10, 21-р хороо Өлзийтийн замын борооны ус зайлуулах шугам

Чингэлтэй дүүрэг: 17, 18-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө

Баянзүрх дүүрэг: 1, 3, 4, 5, 8, 13,14, 16, 17, 22-р хороо Да хүрээгийн гудамж, Улаанхуарангийн зам,  “Баганат өргөө” хороолол, Улиастайн зам, Офицерын тойрог, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Саруул тэнгэрийн шугам, Доржийн гудамжны борооны усны суваг

Баянгол дүүрэг: 1, 3, 4, 5-р хороо Нарны замын суваг, Вокзалын тойрог, Үндсэн хуулийн гудамж зэрэг байршилд авто замын борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь нийслэлийн зургаан дүүргийн нийт 57 байршилд 158 км урт үерийн хамгаалалтын далан суваг, 185.3 км авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг хариуцан ажилладаг. Жил бүр төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хийдэг. Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үерийн далан, шугам сүлжээ нь бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай.