Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд СХД-ийн зарим өрхөд ашиглан туршсан билээ.
Шахмал түлшний талаарх тоо баримтуудыг хүргэе.
1. Хорт хийн ялгарлыг хамгийн бага түвшинд хүргэнэ
Туршилтын явцад хэмжилт хийхэд дараах үр дүн гарсан байна.
- Азотын хий – стандартаас 2.8 дахин бага
- Хүхэрлэг хий – стандарын түвшинд
- Угаарын хий – стандартаас 1.8 дахин бага
- Нийт хатуу тоосонцор – стандартаас 2.5 дахин бага гэсэн судалгаа гарсан байна.
Мөн сайжруулсан шахмал түлшний чанарыг тооцоход:
Үзүүлэлтүүд | Чийглэг %, ихгүй | Нийт хүхэр 5% ихгүй | Дэгдэмхий бодис %, ихгүй | Үнслэг %, ихгүй | Илчлэг ккал/кг, багагүй | 1ш шахмалын хэмжээ, багагүй | Бат бөх %, багагүй |
---|---|---|---|---|---|---|---|
Шахмал түлшний техникийн шаардлага MNS 5679:2014 | 15 | 1 | 22 | 30 | 4500 | 40 mm | 85 |
Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш УУХ* | 1.8 | 0.45 | 20.68 | 21.8 | 5200 | 50 mm | 98 |
Тайлбар /харьцуулалт/ | 7 дахин бага | 2 дахин бага | стандарт хэмжээнд | стандартаас 8% бага | стандартаас 700 ккал их | стандарт түвшинд | стандарт түвшинд |
ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн Нүүрсний лабораторид хийсэн шинжилгээний дүн 2018.07.25-ны өдөр.
- Чийглэг 1.8% – стандартаас 7.8 дахин бага
- Үнслэг 21.8% – стандартаас 45% бага
- Дэгдэмхий – 20% – стандартын түвшинд
- Хүхэр 0.5-0.7% – стандартаас 2 дахин бага
- Илчлэг 5430 ккал/кг – стандартаас 900 ккал/кг-аар илүү
- Бат бөх чанар нь 90-100% гэгчлэн сайн үзүүлэлтүүд гарчээ.
Шахмал түлшний үйлдвэрлэлд технологийн дэвшил, ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн бодисуудыг ашигласнаар хорт утаа хамгийн бага түвшинд хүргэнэ хэмээн үйлдвэрийнхэн хэлж байна.
2. Нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг
Урьдчилсан байдлаар нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 220,000 өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ ашигладаг гэсэн тоо бий. Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг ажээ. Тэгвэл шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой. Нийслэлчүүдэд нэг өвөлдөө 600,000 тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна.
3. Агаарын бохирдлыг 50% бууруулна
Нийслэлийн гэр хорооллын 220,000 өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50% буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ.
Тавантолгойн нүүрсний хүхэрлэг хийн хэмжээ өндөр байсныг шахмал түлш үйлдвэрлэхдээ шохойг орцонд нь нэмснээр уг аюулт бодисын агууламжийг стандартаас бууруулж чаджээ.
4. Шахмал түлш 4-5 цаг цогшино
Шахмал түлш 1-2 цаг асдаг бөгөөд улаан цогтойгоо 4-5 цаг болдог байна. Энэ хэмжээгээр дулаанаа барина гэсэн үг. Харин түүхий нүүрс чийгшил өндөртэй тул асахгүй удаан уугих явцдаа утаа ихээр ялгаруулдаг бөгөөд богино хугацаанд шатаж дуусдаг төдийгүй үнс их гардаг. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис л гэхэд 47% байдаг бол шахмал түлшнийх 20% байна.
Тиймээс гэр хорооллын айлууд өдөрт 24 орчим кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өнжих боломжтой гэж тооцжээ.
5. Мөнгөө хувааж төлөх боломж бүрдүүлнэ
Шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд бүх айл өрх хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө. Тиймээс энэ нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод түлш жижиглэн борлуулдаг 503 цэг, түүнийг даган бизнес хийдэг 20,000 орчим иргэнийг шахмал түлшний борлуулалтад татан оролцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлэв.
Тиймээс иргэд жижиглэнгээр буюу шуудайгаар нь ч авах боломжтой аж. Шаардлагатай бол түлшний мөнгийг өвлийн улиралд хуваан төлөх сонголт ч олгох боломжтой аж.
“Тавантолгой түлш” компани энэ онд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ирэх өвөл нийслэлийн иргэдийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл бүрдэж, агаарын бохирдлыг бууруулах бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж. Бүх айл өрхийг хэрэглүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд “Гэр хорооллын айлууд дугуй түлж байна уу, гутал түлж байна уу гэдгийг тодорхой мэдэхгүй байгаа. Тиймээс түүхий нүүрс хориглож, шахмал түлш ашиглах болсон шийдвэрийн хүрээнд гэр хорооллыг хяналтад авна” хэмээн “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран хийсэн “Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөний үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар ярилаа.
Эх сурвалж: ikon.mn