Батлан хамгаалахын Төв архив нь 1921 оноос өнөөг хүртэлх Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг зохих хууль, заавар, дүрэм, журмын дагуу эмхлэн цэгцлэх, сэлбэн засах, данс, бүртгэлд оруулах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээллийн ач холбогдол бүхий баримтыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх үйл ажиллагааг явуулдаг Төрийн үйлчилгээний байгууллага билээ.
Тус байгууллага нь иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг хүлээн авахдаа биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн 5 төрлийн лавлагааг цахимаар захиалга өгч, хүлээн авах боломжтой болж байна. Үүнд:
- Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951 – 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай;
- Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харъяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа;
- БХЯ-ны харъяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ;
- 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940 – 1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай лавлагаа;
- Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбар зэрэг үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайтад хандан авах боломжтой боллоо.