Ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөл бүрдүүлсэн журмыг өөрчлөх шаардлага хүргүүлэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ипотекийн зээлийн хүүтэй холбоотой судалгаа хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэдэд олгох ипотекийн зээлийн хувь хэмжээг ялгавартай тогтоож байгааг арилгах албан шаардлагыг Монголбанканд хүргүүллээ.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувь, 6 хувь гэж ялгавартай тогтоож давамгай байдлаа хууль бусаар ашиглаж буй нөхцөл байдал үүсэж байна.

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.1.2-т “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Иймд ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөл бүрдүүлсэн Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 25-ны тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д холбогдох өөрчлөлт оруулж, зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүлснийг ШӨХТГ-аас мэдээлэв.