“Гандантэгчилэн, "Шинэ соёмбо" , "25 дугаар суваг телевиз", "Sunday" худалдааны төвүүдийн хамгаалалтын албанд шаардлага хүргүүлэв

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Цахиур.мн мэдээллийн сайтад Шинэ Соёмбо гэх компанийн хамгаалалтын ажилчид Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн алба хаагчдын өмсөж хэрэглэдэг хувцас, хэрэглэлийг өмссөн талаар мэдээлсэн.

Энэхүү асуудалтай холбогдуулан ЗХЖШ-ын Материал техникийн газрын холбогдох мэргэжилтнүүд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Багатэнгэрийн амны харуул хамгаалалтыг хариуцдаг “Шинэ соёмбо” хамгаалалтын алба болон “Төв гандан хийд”-ийн харуул, хамгаалалтад гарч байгаа энгийн иргэдтэй уулзаж, Монгол Улсын холбогдох хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол болон ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн холбогдох хэсгүүдийг танилцуулж мэдэгдсэн ба зөрчил арилгуулах үүднээс дараах газруудад албан бичгийг хүргүүлжээ.

“ГАНДАНТЭГЧИЛЭН”, “ШИНЭ СОЁМБО”, “25 ДУГААР СУВАГ ТЕЛЕВИЗ”, “SUNDAY” ХУДАЛДААНЫ ТӨВ ХАМГААЛАЛТЫН АЛБАНД:“Танай байгууллагын харуул хамгаалалтын бүрэлдэхүүн нь цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл өмсөх, тэр дундаа батлагдсан загварын цэргийн хээрийн дүрэмт хувцас, цол, цэргийн байгууллагын бэлгэ тэмдгийн загварыг өөрчлөх, энгийн хувцастай хольж өмсөх зэргээр Монгол Улсын холбогдох хууль, эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлдэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын болон Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон цэргийн гэрээт албаны алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэдэг.

Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт /цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд тэдгээр нь зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэдэг тул цэргийн албаны нэр хүнд, цэргийн албанд зүтгэж байгаа бүрэлдэхүүний итгэл үнэмшил, цэргийн албаны мөн чанар, үнэ цэнийг алдагдуулах, цэргийн албаны нэр хүндийг гутаан доромжлох шинж чанартай үйлдэл гаргахгүй байх тал дээр анхааран зөрчлийг нэн яаралтай арилгаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв цэргийн дүрэмт хувцсыг зориулалтын бусаар өмсөх буюу хэрэглэх эрхгүй этгээдүүд цаашид дахин өмсөж, хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэг “Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна” гэжээ.Энэхүү шалгалт цаашид ч үргэлжлэх бөгөөд Цэргийн дүрэмт хувцас хэрэглэсэн, үйлдвэрлэсэн хэн бүхэнтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцуулах болно.