Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монконди” чихэр, шоколад, амттаны үйлдвэрт ажиллалаа.
Урт хугацаатай, хүү багатай зээлд хамруулах, 3-5 жилийн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх, түүхий эд, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь дотоодын үйлдвэрүүдэд томоохон дэмжлэг болно гэдгийг “БОСА Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Б.Нандинчимэг хэллээ.
Дотоодын зах зээл дэх чихрийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Хэрвээ зээл олгож, татварын бодлогоор дэмжвэл “Монконди” үйлдвэр гэхэд л чихрийн 15, шоколадны 10, шоколадны кремийн 20, өтгөрүүлсэн сүүний таван хувийг дангаараа хангах хүчин чадалтай.
Өөрөөр хэлбэл нэг цагт тус бүр 300-500 кг хатуу, зөөлөн чихэр, шоколад, шоколадны крем, өтгөрүүлсэн сүү үйлдвэрлэнэ гэсэн үг юм.
Ингэснээр зургаан сая орчим ам.доллар Монгол Улсад үлдэхээс гадна бусад хүнсний үйлдвэрийн анхан шатны түүхий эдийг боловсруулах замаар кластер хэлбэрээр хөгжих боломж бүрдэх юм байна.
“БОСА Холдинг” ХХК 2020 онд “БОСА Кондитер” ХХК-ийг үүсгэн байгуулж, чихрийг их хэмжээгээр үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж эхэлжээ.