ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ НАРЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Хуурай замын цэргийн командлагч нарын хурал Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Дакка хотод эхэллээ.

46 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү олон улсын хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал оролцож байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 24 орны Хуурай замын цэргийн командлагч болон бусад удирдлагууд оролцож, бүс нутгийн тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлын талаар байр сууриа илэрхийлж, санал солилцож байна.

Бригадын генерал Ч.Цогтжаргал хуралд оролцохын зэрэгцээ АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга хошууч генерал Крис Смит, БНСУ-ын ЗХЖШ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга болон БНЭУ-ын Дели цэргийн тойргийн командлагч нартай уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн тэрээр үргэлжлүүлэн АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлагч болон Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын ЗХЖШ-ын даргатай хоёр талын уулзалт зохион байгуулна.