Засгийн газраас төрийн өмчит компаниудын албан тушаалтан, хүний нөөцөд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаа мэдэгдэж байсан. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компанийн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулсан талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” ХК Монгол Улсад Баялгийн болон Хөгжлийн санг бий болгож, түүгээр дамжуулан нийгмийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулах зорилготой. Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн өмчит компаниудын нээлттэй, ил тод байдлыг хангах үндсэн бодлогын хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийг нэгдүгээрт, бүтцийн өөрчлөлтөд оруулан цэвэр менежментийн болгож байна. Хоёрдугаарт, өөрчлөгдсөн бүтэц дээр гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа залуучуудын дунд тодорхой мэргэжил, ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар болсон. Энэ үүднээс "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлан явуулсан. Энд дээрх компанийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн, Үйлдвэр-технологийн, Санхүүгийн нэгдсэн удирдлага, Дотоод хяналт-эрсдлийн удирдлагын, Төслийн судалгаа-үнэлгээний, Хууль эрхзүй, Захиргаа удирдлагын гэсэн 7 газар, хэлтэст ажиллах алба хаагч нар хамрагдаж байгаа хэмээн Д.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрбээр мөн тус компани нь дэлхийд Монгол Улсын нүүр царай болж, олон улсын болон дотоод зах зээл дээр үйл ажиллагаа явуулах толгой компани байх учир энд ажиллах ажилтан, алба хаагч, мэргэжилтэн, менежерүүд нь мэргэжлийн өндөр ур чадвартай, мэдлэг, ажлын дадлага туршлагатай байх шаардлагыг тавьж буйг мэдэгдлээ. Дээрх шаардлагын хүрээнд “Эрдэнэс Монгол”-д ажиллах ажилтнуудын цалингийн зэрэглэл төрийн өмчийн байгуулага дунд Монголд хамгийн өндөрт 4-12 сая төгрөгөөр тооцогдож байгаа ажээ.
Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны нэгдүгээр сарын 2-16-нд явуулж, 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2 дугаар сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхлэх юм байна.
Түүнчлэн энэ үеэр, төрийн албан хаагчидтай холбоотой, тэдний хариуцлагыг дээшлүүлэх үүднээс Засгийн газрын ХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлэх газар байгуулагдан нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулахаар болсныг Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Уг газар нь Засгийн газар дотооддоо албан тушаалтан, албан хаагчдыг хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэн төв хоёрын ойлголцлыг бий болгон ажиллах зорилготой юм.