МАН-ын дүрэмд “МАН-ын Бага хурал жилд нэгээс доошгүй удаа хуралдана” хэмээн заасан заалтын дагуу өнөөдөр МАН-ын Бага хурал улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Бага хурлын II хуралдааныг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Уг хуралдааны даргаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, орлогч даргаар Удирдах зөвлөлийн гишүүн Г.Золзаяа, баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгон тооллогын комиссын гишүүдийг батлав. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын гишүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тус тогтоолд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх эрх зүйн хувьсгал, хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах ажлыг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангасан, олон намын тогтолцоот парламент ёсыг төгөлдөржүүлэх хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр өөрчлөлт шинэчлэлт хийх ажлыг эрчимжүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөлд даалгасан юм.
Хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Бага хурлын гишүүн нийт 354 хүн оролцож байгаа юм.