Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай гаргаж, амжилттай арилжсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Олон сар бэлтгэсний эцэст нэг өдрийн дотор ам.долларын бондын арилжаа хийж 138 хөрөнгө оруулагчаас 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэснээр 11-12 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондын 650 сая ам.долларын хүүг 8 хувь руу буулгасныг дуулгав.
АНУ-ын Төв банкны хүү нэг хувьтай байхад “Гэрэгэ” бондыг 5.7 хувь, “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэй гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа.
Өнөөдөр бүх хөрөнгө оруулалт, тэр дундаа Азийн хөрөнгө АНУ-ын зах зээл рүү урсах чиглэлтэй байгаа нөхцөл байдалд манай улс бондуудаа зохих хүүгийн түвшинд гаргаж чадлаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт, хандлага, итгэл гэж үзэж болно гэв.
Сангийн сайд цааш нь мэдэгдэхдээ, “Гадаад өрийн менежмент, зохицуулалтын нэг онцлог нь дотоодын арилжааны банкууд эдийн засгийн тэлэлтээ дагаад хариуцлага болон зах зээлийн багтаамж нь томорч сайжирсан. Манай гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшиж байдаг.
Энэ эрчээрээ энэ удаагийн гадаад өрийн арилжаанд банкууд одоо эзэмшиж буй бондуудынхаа хэмжээнд бондуудаа дахин худалдан авах зэргээр зах зээл дээр манлайлж оролцон маш сайн дэмжиж ажилласан. Энэ нь арилжаа амжилттай болоход том хувь нэмэр болж эерэгээр нөлөөлөө.
Засгийн газрын бондуудын үзүүлэлт сайжрахын сацуу нэг өдрийн арилжаа хийх явцад “МИК” болон “Энержи ресурс” зэрэг үндэсний компаниудын гадаад өрийн үзүүлэлтүүд нэг өдрийн дотор эрс сайжирсан. Мөн Төв банк болон ЭЗХЯ бидэнтэй хамтарч бүгдээрээ нийлж ажилласны дүнд Монгол Улсынхаа валютын нөөцийг 3.4 тэрбум ам.долларт хүргэж эерэг нөлөө үзүүллээ” гэв.