УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагааг Монгол Улсад тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж болохоор Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан байдаг. Гэвч тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хууль байгаагүй бөгөөд ийм журам батлахыг зөвшөөрсөн эрх олгосон заалт байхгүй тул одоогоор эрх зүйн ямар нэг зохицуулалтгүй байгаа аж. Иймд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн хэдий ч нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа дээрх үйл ажиллагаануудыг зохицуулахаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Бооцоот таавар зохион байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгохоор, дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан байна. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь 1 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй буюу тодруулбал, зориулалтын дагуу тохижуулсан ажлын байртай байхаар тусгажээ. Цахимаар бооцоот таавар зохион байгуулах бол мэдээлэл, технологийн дэд бүтэц нь тасралтгүй, найдвартай ажиллах, аюулгүй байдлыг хангасан байх, Монгол Улсад байршилтай сервертэй байх, мэргэшсэн хүний нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.
Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгохоор тусгасан бөгөөд хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй, үүнд өөрийн өмчийн ажлын байртай байхаар, мөн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол анх олгосон хугацаагаар сунгахаар тусгасан аж. Түүнчлэн хонжворт сугалаа зохион байгуулагчид сугалааны тасалбарын борлуулалтын нийт орлогын 55-аас доошгүй хувийг сугалааны хонжворт олгох, сугалаанд оролцогчдоос төвлөрүүлсэн орлогын хөрөнгийн тодорхой хэсгийг хонжворт сугалаа зохион байгуулагч банкны тусгайлсан дансанд байршуулах зэрэг шаардлагыг тусгаж, хонжворт сугалаа зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Найз нөхдийн хүрээнд тоглож байгаа иргэдийг яах вэ. Хэдий хэмжээний мөнгө төгрөг бооцоонд тавьсан бол хууль зөрчсөн болох вэ. Ямар үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх вэ. Хоёрдугаарт, Монгол Улс сугалааны орон болсон. Зуд болоод сугалаа зохион байгуулвал хууль зөрчсөн болох уу” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өмнөх Эрүү болон Зөрчлийн тухай хуульд мөрийтэй тоглох зөрчлийг хуульчилж оруулсан. Тухайн үед нь ажлын хэсгийн түвшинд ахуйн хүрээний мөрийтэй тоглоом гэсэн ойлголтыг хэрхэн тусгаж оруулах тухайд ярилцсан. Ингээд ширээжүүлээд, хясаа бэлдэн зохион байгуулалтын шинжтэй бооцоо тавьж, хувь авах байдлаар тоглосон бол шийтгэл ноогдуулахаар болсон. Түүнээс биш гэр орондоо тоглосон бол мөрийтэй тоглосон гэж үзэхгүй” гэсэн тайлбарыг хийсэн юм.