Гадаадад суугаа монголчууд ОБЕГ-т 75 сая төгрөг хандивлав

Монгол Улсад нүүрлээд буй түймрийг унтраах ажилд нэмэр болохоор хилийн чанад дахь монголчууд 75 сая төгрөгийн мөнгөн хандив цуглуулсныг “Хилийн чанад дахь монголчуудын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Цэрэндэмбэрэл ОБЕГ-т гардуулан өглөө.

Тэрбээр “Монгол Улсад маань энэ жил их хуурай халуун зун болж байна. Үүнээс үүдэн орон даяр гарсан түймрийг унтраахад хилийн чанад дахь монголчууд маань ч гэсэн гар бие оролцож байна. Тухайлбал Швед, Франц, Австрали, ХБНГУ, Англи, БНСУ, Ирланд, АНУ-д суугаа монголчууд 75 сая төгрөгийн хандив босголоо. Хандивын мөнгийг цугларуулж ОБЕГ-т хүлээлгэж өгөх ажлыг манай байгууллага буюу “Хилийн чанад дахь монголчуудын холбоо ТББ” хариуцан ажиллалаа” хэмээв.

Хандивыг ОБЕГ-ын дэд дарга хурандаа П.Баттогтох хүлээн авч хандив өргөсөн хилийн чанад дахь нийт монголчууддаа талархснаа илэрхийлж хандивын мөнгийг ОБЕГ гал түймэртэй тэмцэх үйлсэд зарцуулна хэмээлээ.