Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 58, аврах ажиллагааны тав, нийт 63 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ гал түймрийн утаажилтын бүсээс 135 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 21 иргэнийг аварч, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Он гарснаас хойш хоёрдугаар сарын 26-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 333, аврах ажиллагааны 41, малын гоц халдварт өвчин нэг буюу нийт 375 удаагийн дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар буурсан” хэмээлээ.
Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газрын 590 алба хаагч, 198 автомашинтай ажиллаж, объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны гурав буюу нийт 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 41 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Нийслэлийн хэмжээнд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 16 байршилд халиа тошин үүсэж айл өрх, албан байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автсан. Үүссэн нөхцөл байдалд 20 хүнтэй баг 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 5332 метр шуудуу татаж, 21 машин шороо асган ажиллав. Түүнчлэн 1389 алба хаагч, 228 автомашин, 52 морьтойгоор ажиллаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 15442 толгой адуу гаргаж, 297 албан мэдэгдэл хүргүүлээд байна.