Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Газрын багц хуулийн төслийг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн болохыг хэллээ.
Тэрбээр уг хуулийн төслийг эгүүлэн татах шаардлагын тухайд, "Нэгдүгээрт нийслэл хотын ерөнхий төлөвлөлтийг нарийвчлах хэрэгтэй. Хоёрдугаарт бэлчээрийн асуудлыг эцэслэх нь зүйтэй хэмээн үзсэн. Энэхүү хууль батлагдвал уул уурхай дэмжсэн хууль болох нь гэж малчид шүүмжилж буй. Тухайлбал, өнөөдөр орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээнд авдаг. Гэтэл зөвхөн хадлангийн газрыг тусгай хэрэгцээнд авна хэмээн тусгасан нь өрөөсгөл хэрэг болсон. Мөн хотод 2040 он хүртэл олгогдохгүй газрыг нэр заан оруулж өгнө. Одоогийн яригдаж буй хувилбараар Туул, Сэлбэ гол дагуу зам тавигдана. Нэгдүгээр хорооллын ар тал, ТЭЦ-4-ийн урд талын замыг өргөтгөх зэрэг төслүүдийг удахгүй ажил хэрэг болгоно" гэв.
Газрын багц хуулийн төсөлд нийт долоон хууль багтаж буй. Хорин жил шинэчлээгүй тус хуулийг багцаар нь шинэчилж, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулсан хэмээн үзэж, одоогийн байдлаар аймаг, орон нутагт цуврал хэлэлцүүлгийг явуулж байсан ба хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байсан юм.