Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг энэ сарын 20-24-нд зохион байгуулна.
Чуулганыг угтаж:
-“Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 3 дугаар сарын 20-нд,
-“Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 3 дугаар сарын 21-нд,
-“Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 3 дугаар сарын 22-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 9:30-13 цагт болох юм. Харин “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг энэ сарын 24-нд "Корпорэйт конвеншн центр"-т зохион байгуулна.
Хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулах чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцоно.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд өнгөрсөн оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.