Анагаахын оюутнуудад зориулсан сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн хэмжээнд оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжих, сурч боловсрох, хөгжих боломжуудыг бий болгох, санал санаачилгыг нь сонсохоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөөгийн санаачилгаар “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй. Энэ хүрээнд тэрбээр анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудтай өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн дарга Б.Одгэрэл болон АШУҮИС, Этүгэн, Глобал удирдагч, Оточ Манрамба, "Монос", "Шинэ анагаах ухаан" тэргүүтэй их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж эрүүл мэндийн салбарын ирээдүй, боломжийн талаар танилцуулсан юм. Тэрбээр:

-Чадварлаг, чин сэтгэлтэй мэргэжилтэн болж эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хувь нэмрээ оруулах замаа та бүхэн өнөөдрөөс эхлүүлж болно. Тухайлбал, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах гурвал платформын концепцийг бид хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч, сайн дурын ажилтан, иргэн гэсэн гурван талыг нэгтгэсэн энэ платформд бүртгүүлээд оюутнууд сайн дурын үйл ажиллагаа, сургалтад оролцох боломжтой. Ингэснээр сайн дурын ажлын ирц, идэвх оролцооныхоо талаарх мэдээллийг ажил олгогчдод хүргэх боломжтой болно. Эхний ээлжинд бид хүмүүсийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй 26 сэдвээр лекц, илтгэл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд та бүхэн хамрагдаж, оролцож, туршлага хуримтлуулаарай гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө:

-Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буйн хувьд салбар салбарын залуус, оюутнуудтай уулзах, тэдний санаа бодлыг сонсох нь маш чухал. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсохгүйгээр, үүнийг шийдэх боломж бололцоог эрэхгүйгээр залуусыг дэмжих боломжгүй. Эмч, эрүүл мэндийн салбарын ажил гэдэг өдөр тутам суралцах, технологи, шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэх, мэдлэг чадвартай мэргэжилтэн байхаас гадна хүн байх шаардлагатай, эрхэм бас хариуцлагатай мэргэжил. Тиймээс суралцах үедээ мэргэжлээ илүү таньж мэдэх, туршлагажих боломжийг та бүхэнд санал болгож байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа айл өрхүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сайн дурын хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ, үүнд оролцохыг урьж байна гэсэн юм.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газраар дамжуулан хэрэгжүүлэх “Med Volunteer” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах, хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгөх, гэрийн эргэлт хяналт хийх, хөгжлийн бэрхшээлтэй, чадвар алдалттай хүүхдүүдийн талаар судалгаа хийх, тэдэнд асаргаа сувилгааны дэмжлэг үзүүлэх юм. Нийслэлийн зүгээс энэхүү хөтөлбөрийн оролцогчдод цалин урамшуулал олгож, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцолсон.

Түүнчлэн Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн дарга Б.Одгэрэл “Мэргэжлээс гадна ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр мөн цагийн ажлын мэдээлэл хүргэх үйлчилгээ, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг оюутнуудад  хүргэж, сайн дурын хөтөлбөрт бүртгэсэн юм.