“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн болж байна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж буй.  

Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нээж үг хэллээ.

Тэрбээр:

-Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн зургаан хагарал, хотын төвд нэг хагарал  байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюул учрах магадлал өндөр байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 335,105 барилга байгууламж байна. Эдгээр барилгын чанар стандартын шаардлага хангаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байсан. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс эхлээд барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл олоход бүх талын оролцоог хангахаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэсэн юм.

Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахад хээрийн судалгаа хийдэггүй, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэдэггүй, баталгаажуулсан талбайн хэмжээгээр газрыг ашиглаж байгаа, эсэхэд хяналт тавьдаггүй зэрэг олон асуудал тулгамдаж байгааг Хотын дарга онцолж байлаа. Тухайлбал, голын сав, усны эх үүсвэр, дулааны цахилгаан станц болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам, талбайд хууль зөрчин газар  олгох явдал цөөнгүй гарсныг тэрбээр тэмдэглэсэн.

Энэ үеэр мөн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй үед барилгын чанар, стандартын асуудлыг хөндөн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад талархаж байна. Барилга байгууламжийг барьж, хяналт тавьж, хүлээн авч зөвшөөрөл олгож байгаа гээд бүх л шатанд оролцогч талуудын хариуцлага хамгаас чухал гэдгийг бид онцлох ёстой” гэлээ.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр газар хөдлөлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа тухай онцолж, эрсдэл гамшгаас сэргийлэх, мөн хөрсний суулт, нуралт зэрэг хүчин зүйлийг тооцоолж барилга байгууламж барих чухлыг онцолсон. Түүнчлэн  газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийх ажлын талаарх мэдээллийг тэрбээр хуваалцлаа.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Туркт Улсад болсон газар хөдлөлтийн дараа явуулсан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаасаа хуваалцсан. Мөн Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнгийн талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагыг төлөөлөн Б.Наранбаатар танилцууллаа. Түүнчлэн барилгын салбарын хяналтын тогтолцоо, хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлогын талаар Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газран дарга Д.Жаргал илтгэл хэлэлцүүлэв.

Арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, холбоодын төлөөлөл тэргүүтэй 200 гаруй хүн оролцож байна.