“Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг иргэд болон олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр  зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж буй. Мөн Улаанбаатар хотын байгаль орчны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, эдгээрийг шийдвэрлэх арга замын талаар салбарын удирдлага, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байгаа юм.

Зөвлөгөөний нээлтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцож үг хэллээ.

Тэрбээр:

-Сүүлийн жилүүдэд дэд бүтэц, барилга байшин, замын асуудалд хэт төвлөрснөөр байгаль орчноо хайрлах, хамгаалах асуудал хойш тавигдаж байгаа дүр зураг харагдаж байна. Нөгөө талаас байгаль хамгаалах салбарт мэргэжилтэн дутмаг, энэ чиглэлд салбар хоорондын уялдаа сул зэрэг асуудал ч тулгамдаж буй. Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдэл олж, шат шатанд хариуцлагыг нэмэгдүүлэн, байгаль хамгаалахад иргэдийн оролцоог сайжруулахаар салбарын мэргэжилтнүүд, удирдлага, эрдэмтэн судлаачид энэхүү арга хэмжээнд оролцож байна. Зөвлөгөөнөөс гарсан санал санаачилга, зөвлөмж, шийдлийг ажил хэрэг болгоход нийслэлийн зүгээс бүх шатны оролцоог дэмжиж, хамтран ажиллана хэмээлээ.

Арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, НЗДТГ,  Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох газар, агентлагууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөлөл биечлэн, мөн аймаг, орон нутгийн төлөөлөл онлайнаар оролцож буй.