Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 17 түймрийг бүрэн унтраав

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэхдээ шар өвсний 17 түймрийг бүрэн унтрааж, хашааныхаа шар өвсийг шатаасан, гагнуур хийсэн зургаан зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллалаа. Мөн ногоон бүсэд зорчсон 161 автомашин, 567 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, гал түймэр гарч болзошгүй 12 зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулсан. Түүнчлэн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг чанга яригчаар иргэд, олон нийтэд хүргэж, зурагт хуудас тарааж ажиллалаа.