Д.Сумъяабазар: Хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд бүгдийн оролцоо чухал

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ таатай байна. Юуны өмнө хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан талаар онцлох ёстой. Эрх зүйн энэхүү шинэтгэлийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн бие даасан байдал хангагдах болон цаашдын хөгжлийг тодорхойлох шинэлэг зохицуулалтууд бий болсон.

Мөн Улаанбаатар хотын хариуцан гүйцэтгэх чиг үүрэг, хэрэгжүүлэх зарчмыг тогтоосноор аливаа асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх, санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг болж хариуцлагын механизмыг тодорхой болгосон юм. Улаанбаатар хотын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татвар, төлбөр, хураамжийг нэмэгдүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дарамт учруулахгүй байхыг зорьж, санхүүжилтийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж, эрх зүйн шинэлэг зохицуулалтуудыг санаачлан ажиллаж байна" хэмээлээ.

Нийслэл өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулан хөрөнгө босгож болно

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө хангалтгүй тул эрх зүйн боломждоо тулгуурлан нийслэлийн бонд, үнэт цаас гаргах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг хотын дарга онцолсон.

Тухайлбал,хотын эдийн засгийг нэмэгдүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд богино хугацаанд үнэт цаас гаргаж, өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө босгоно. Харин урт хугацаанд тогтвортой байдлыг хангах үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтын төслүүдийг тогтвортой санхүүжүүлэх Нийслэлийн хөгжлийн санг байгуулан, тогтмол хөрөнгө татаж байх шаардлагатай байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 12, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гурав, нийт 15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Нийслэлийн зүгээс хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд нийт 3.4 тэрбум төгрөг хэмнэв

Төлөвлөлтийг нь боловсронгуй болгох замаар төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр цөөнгүй ажлыг нийслэлд хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтан, албан хаагчдын нийт 447 орон тоог бууруулан 2.7 тэрбум төгрөг, суудлын автомашин ашиглаж буй албан тушаалтнуудын автомашины хэрэглээг зогсоосноор 226.7 сая төгрөг,  албан томилолт, зочны зардлыг бууруулах, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг бууруулж ажилласнаар нийт 3.4 тэрбум төгрөгийг хэмнэлээ.

Гарааны 46 компанийг бойжуулан гаргалаа

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нарын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд нийслэлээс анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар инновацын төв болон Баянхошуу бизнес инкубатор төвөөр дамжуулан бизнес эрхлэгч, энтрепренер залуусыг дэмжин ажилласны дүнд гарааны 46 компанийг бойжуулан гаргаж, 400 гаруй ажлын байрыг бий болгоод байна. Мөн гарааны бизнес эрхлэгчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүнийхээ анхны загварыг турших орон зай бүхий “Бүтээгчдийн талбар”-ыг байгуулж, хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүний загвараа танилцуулж, эхлэлийн санхүүжилт авах боломжийг бүрдүүллээ.

Салбар бүрд цахим шилжилтийг хийж байна

Иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж байгууллагад түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн бүх салбарт технологийн шийдэл нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх цахим шилжилтийн төлөвлөгөөг Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн чиглэлээр боловсруулж, мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компани, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж буй. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх зорилгоор 74 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулах “Онлайн бизнес төв”-ийг байгууллаа. Ийнхүү өдгөө 134 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон юм.

Мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн 53 байгууллагын 632 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд үүнээс 39 байгууллагын 432 нэр төрлийн төрийн үйлчилгээг www.operator.e-mongolia.mn цахим системээр болон оператор хэлбэрээр үзүүлж байна.

Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний smartcar.mn системээр 15 үйлчилгээний мэдээлэл болон татвар, торгууль, товчоодын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу “Qpay wallet” үйлчилгээнд холбосон банкны картаа ашиглан төлөх боломжийг бүрдүүлсэн.

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системийг бий болгож, замын ачааллыг хянах, маршрутыг төлөвлөх, тооцоолох боломжийг бий болгох https://ubmap.ulaanbaatar.mn/ системийг нэвтрүүллээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн регистрийн дугаараар бүртгэлтэй гар утасны дугаарт торгуулийн мэдээлэл болон шийтгэлийн хуудас харах холбоосыг мессежээр илгээх ажлыг эхлүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг системийг нэвтрүүлж, нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжууллаа.

Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо.