Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автобусны 54 буудлыг хяналтын камерт холболоо. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар шөнийн цагаар үйлдэгдсэн гэмт хэрэг 14.4 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 52.1 хувиар өссөн нь иргэдийн амар тайван амьдрах, орчин нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн байна.
Гамшигтай тэмцэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн барилгыг ашиглалтад оруулав. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилга баригдаж байгаа бөгөөд 32 автомашинаар парк шинэчлэлт хийснээр тусгай зориулалтын автомашины хангамж 64 хувиас 87 хувь, багаж хэрэгслийн хангалт 44.5 хувиас 62 хувь болж өссөн.
Үүний үр дүнд гал түймэр унтраах, аврах ангиуд 4,432 хүнийг аварч, 242,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн хамгаалсан бөгөөд 2023 оны эхний улиралд гарсан нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 21.5 хувиар буурсан дүнтэй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, иргэдийн төлөөлөгчид, хувийн хэвшил бүгд хамтран ажиллаж буй нь үр дүнгээ өгч байгааг эдгээр мэдээллээс харж болно. Хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлэх, асуудлаа хамтдаа шийдэхэд бүгдийн оролцоо чухал байх болно” хэмээлээ.
Мөн хурлаар нийслэлийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн өмчид 126 айлын орон сууцны барилга байгууламж бүртгэн авах талаар танилцуулсан бөгөөд тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг НИТХ-аас дэмжлээ.