Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо

DCIM100MEDIADJI_0002.JPG

Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна.

Хотын оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 144 байршилд нийтийн зориулалттай орон сууцны фасад дулаалгын ажил, 47 цахилгаан шатыг шинэчиллээ.

Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсан 363 самбарыг буулгав. Мөн 3610 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийж байна.

Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. Мөн есөн байршилд 10.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барьж, гурван байршлын 1.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийн засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй.

“Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.7 ам метр болж нэмэгдлээ

Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна.

Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байсан 10.2 га газрыг ЗДТГ-т шилжүүлэн, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргалаа. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг гаргав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 32 га талбайн мод үржүүлгийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн 15 аж, ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.  Мөн нийслэлд нэг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Туул гол дагуу болон  үерийн далан дагуу гурван байршил, эрүүл мэндийн таван байгууллагын гадна талбайд томоохон тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

Сэлбэ, Бага Баян  голын хаврын шар ус болон зуны үерийн усыг хуримтлуулан экосистемд  таатай нөлөө үзүүлэх цэнгэг устай 30,000 шоо метрээс багагүй эзлэхүүнтэй Сэлбэ голын урсац тохируулын усан сан байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн       оролцоотойгоор хэрэгжүүлж буй.

Түүнчлэн хог хаягдлын ухаалаг менежмент бий болгох хүрээнд Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хоногт 300 тонн хог хаягдал ангилан ялгах үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулсан. Аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулахын барилга, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 10 тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.