УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг сонгов.
Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд хийсэн танилцуулгадаа, "Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй байхаар зааснаас тэдгээрийн дөрвийг Засгийн газраас нэр дэвшүүлэхээр заасан. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 4 гишүүнээс хоёр орон тоо гарсан учир сонгон шалгаруулах ажлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан. Уг зөвлөлд нэр дэвшихээр 9 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээр ”Монголын менежментийн манлайлал форум” НҮТББ-аас нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Монголын үндэсний маркетингийн холбооноос нэр дэвшүүлсэн Жаргалсайханы Золзаяа нарыг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж байна" гэв.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж баталсан юм.