Ургацын урьдчилсан балансаар улаан буудайн 74.6 хувийг хураан авна

Улсын ургацын комиссын хуралдаан өнөөдөр/2017.08.23/ ХХААХҮЯ-нд боллоо. Хурлын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга  П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Энэ жил  2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянга га-д тариалалт хийсэн.  Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн  тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбай ургац алдаж, 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувь, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувь, төмсний 74.5 хувь, хүнсний ногооны 44.6  хувийг хангахуйц хэмжээний  ургац хураан авах урьдчилсан төлөв гарч байна” гэв.

Хурлаар 2017 оны ургацын урьдчилсан балансын танилцуулгыг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, Ургацын ерөнхий төлөв байдал, хураалтын технологийн зөвлөмжийн талаар Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөвийн талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Бэлчээрийн төлөв байдал, өвөлжилтийн талаар ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш нар мэдээлэл хийв.

Урьдчилсан байдлаар 296.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 64.0 хувь буюу 189.9 мянган га талбайг нь дэвшилтэд технологиор  боловсруулсан бөгөөд цэвдгэш боловсруулалтын ажил үргэлжилж байна. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд  30.0  мянган тонн үр нөөцлөхөөр санал ирүүлсэн. Дутагдах 30.0 мянган тонн үрийг дотоодын ургацаас авч нөөц бүрдүүлэх шаардлагатай болж байна.

Ургац хураалтад 1181 комбайн, 513 жатка, 224 үтрэм, 130 гаруй төмс хураах комбайн, 470 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар засвар үйлчилгээ хийгдэж байгааг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун хэлэв.

Мөн өнгөрсөн зуны хувьд 5-7 дугаар сард орсон хур тунадас нь зурвас газрыг хамарч аадар хэлбэрээр орж байсан нь тухайн бүс нутгийн зуншлагын байдалд харилцан адилгүй нөлөөлсөн зураглал гарч байна. Таримал ургамлын хувьд хамгийн их гантай бүс нутагт  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Төв аймгийн хойд болон баруун талын тариалан бүхий сумд, Булган аймгийн урд хэсэг хамрагдаж байна. Гангийн нөлөөнд алаг цоог нэрвэгдсэн аймагт Архангай, Өвөрхангай, Булган аймгийн баруун тал, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан, Эрдэнэбулган сумд орж байна.  Харин ганд харьцангуй бага нэрвэгдсэн хэсэгт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймаг бүхэлдээ, Булган аймгийн зүүн хойд талын сумд хамрагдсан ерөнхий зураглал гарч байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлж байсан юм.

Хуралдааны төгсгөлд ХХААХҮ-ийн сайд, улсын ургацын комиссын  дарга  П.Сэргэлэн ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, Төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж дараах АЛБАН ДААЛГАВАР-ыг өгөв.

Үүнд:

1. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай зохион байгуулах, аж ахуйн нэгж, айл, өрх, иргэдийн хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургацын мэдээг үнэн зөв шуурхай гаргуулах, улсын нэгдсэн мэдээ тайланд хугацаанд нь тусгуулахыг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

2. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нарт,

3. Ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл, гэмтлийг шалгаж тодруулах,  шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, төмөр замаар тээвэрлэгдэх ургац тээвэрлэлтэд  саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

4. Сортын үрийн хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

5. Энэ намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, нөөцийн агуулах элеваторын бэлэн байдлыг хангахыг  Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат, Монголын тариаланчдын холбоо, Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны тэргүүн, Гурилын үйлдвэрүүдийн захирал нарт,

6. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусгахыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат, Гурилын үйлдвэрүүдийн захирал, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,

7. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт,

8. Ургац хураалтын ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах, тэдгээрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Ё.Отгонбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд С.Мөнгөнчимэг, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,

9. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож байгаа тариаланчид, ногоочид, оюутан сурагчид, цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эмнэлгийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Аймаг, нийслэлийн засаг дарга нарт,

10. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг  хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчилах чиглэлээр хамтран ажиллахыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Л.Нинжжамц, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нарт,

11. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай зам, гүүрэн дээр цагдаагийн эргүүл, пост ажиллуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны дарга Б.Даваа-зулд,

12. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, нийслэлийн иргэдийг хямд үнэтэй, чанартай ногоогоор хангах зорилгоор хотын дүүргүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалтын цэг ажиллуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Н.Гантөмөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нарт,

13. Албан даалгаврын биелэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор гаргаж дүнг танилцуулахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, аймаг нийслэлийн Хүнс ,хөдөө аж ахуйн газрын дарга нарт тус тус үүрэг болгов.