Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг хэллээ.

Дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн биечлэн оролцож байгаа энэ Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байна.

Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах”, “Хөгжлийн санхүүжилт”, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ”, “Сүрьеэ”, Ирээдүй” болон Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах асуудлаар өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг, бэлтгэл хуралдаан болох юм.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцоно.

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл, гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.

Үүнээс хойш НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, улсынхаа аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлөө урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг зорилтыг чухалчилж ирсэн юм.

Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулаад байна.

            Тухайлбал:

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
  • “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”,
  • “Бичиг үсгийн боловсролын тухай”,
  • “Ардчиллын боловсролын тухай” тогтоолыг хэлэлцүүлэн батлуулсан.

Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа манай улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байдлыг сайжруулах зэрэг чиглэлд амжилттай хөгжиж байгаа.

Ялангуяа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим алба хаагчаа оролцуулсан нь цэрэг илгээгч орнуудын жагсаалтад дээгүүрт эрэмбэлэгдэж байна.