Төрийн албаны тогтолцооны шинэчлэлийн талаар ярилцаж, санал солилцов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.09.19) Японы Васеда Их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессор, Төрийн албаны тогтолцооны мэргэжилтэн Инацүгү Хироаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон ЖАЙКА-гийн Токио дахь төв оффис болон Монгол дахь Төлөөлөгчийн газрын албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт профессор Х.Инацүгү-г Монгол Улсад тавтай зочлохыг уриад УИХ-ын даргын хувиар дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэгт зочин багшаар оролцсонд талархал илэрхийлэв.

Тэрбээр, энэ санаачилгын хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлгийг “Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн дор цахим хэлбэрээр зохион байгуулж, профессор Х.Инацүгү Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөл болох 260 гаруй албан хаагчдад Японы төрийн албаны тогтолцоо, хараат бус өндөр ёc зүй бүхий төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ойлголт өгснийг дурдав. Мөн Монгол Улсын төрийн албаны бүтээмж, чадварыг дээшлүүлэх, хараат бус өндөр ёc зүй бүхий төрийн албан хаагчдыг төлөвшүүлэх зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан гэлээ.

Японы Васеда Их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессор Инацүгү Хироаки цаг гарган уулзаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд үр дүнтэй цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас 2023 онд “Төрийн удирдлагын салбарт цогц дэмжлэг үзүүлэх арга барил тодорхойлох судалгаа”-г дөрвөн улсад хийхээр төлөвлөжээ. Ноён Инацүгү Хироаки уг судалгааны ажлаар Монгол Улсад ирсэн байна.

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы төрийн албаны тогтолцооны онцлог болон төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улс, Япон Улс нь бүхий л салбарт  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, нийтлэг үнэт зүйлс бүхий манай хоёр улсын харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагa (ЖАЙКА) нь манай хоёр улсын найрамдлын гүүр болж ирсэн. ЖАЙКА-гийн тусламж үргэлж цагаа олсон, манай ард иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн тусламж байдаг” хэмээгээд ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар “Япон лугаа адил хөгжье” санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.