НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 16 гишүүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаархи өргөх бичгийг энэ сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Улмаар НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл хуулийн дагуу өнөөдөр Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч тов нь зарлагдахгүй байгаа тул НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий хэвлэлийнхэнд хандлаа. Мэдээллийн эхэнд төлөөлөгчид НИТХ-ын ээлжит бус хуралдааныг есдүгээр сарын 07-ны өдөр товлон хуралдуулахыг шаардаж, НИТХ-ын 17 төлөөлөгч гарын үсэг зураад байгааг онцолсон юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан, НИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сараас хойш хуралдаагүй. Цаг үеийн ямар ч нөхцөлд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой. Нийслэлийн иргэдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд цаг алдах ёсгүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууддаа дүгнэлт хийх шаардлагатай байна. Өнөөдөр нийслэлд хоёр ч газар малын гоц халдварт өвчин гарч, хорио тогтоочихоод байж байна. Хичээлийн шинэ жил эхэлж байхад хорио тогтоосон бүсийн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг хэрхэн шийдвэрлэх вэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа, одоо шийдвэрлэвэл зохих ямар ажил байна гээд НИТХ-ын төлөөлөгчид хуралдах зайлшгүй шаардлагуудыг хэлээд байвал олон зүйл бий. Тиймээс ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг бид дахин дахин шаардаж байна” гэсэн юм.