УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрыг огцруулах шалтгаанаа танилцуулав. Тэрбээр “Засгийн газар найман төрлийн концессын гэрээ хийсэн. Мөн өнгөрсөн жил ажил хийгээгүй, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан асуудлаа хаацайлсан, маш олон хууль санаачлаад буцаасан. Тиймээс Ж.Эрдэнэбат сайдад хариуцлага тооцох ноцтой үндэслэл байна гэж үзсэн. Энэ асуудлыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйл заасны дагуу, Дэгийн 38.1 дүгээр заалтыг үндэслэж тус тус хэлэлцэж өгөхийг хүсч байна” гэсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Монголын улс төрд бас л нэг харамсахаар үйл явдал болж байна. Монголын ард түмэн 2016 оны сонгуулиар МАН-ын 65 гишүүнд үнэмлэхүй олонхийн эрхийг та бүхэнд өгсөн. Энэ Засгийн газар ажлаа эхлэхдээ ард түмний итгэлийг дааж ажиллана гэж амласан. Гэхдээ энэ үнэмлэхүй олонх өнөөдөр дотоод зөрчлөөсөө болж, Монгол Улсыг эдийн засгийн, улс төрийн, нийгмийн хямрал руу хөтлөх юм гэж хэн ч зүүдлээгүй байх. Гурван жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байхад, тэр үеийн цөөнхийн бүлгийн дарга нэг үгийг хэлж байсан. Би энэ үгийг та нарт өнөөдөр давтаад хэлэе. Засгийн газрыг цөөнх биш олонх огцруулдаг юм. Тиймээс би олонхийн бүлэгт хэлэхэд Ардчилсан намд ямар нэгэн буруу битгий тохоод бай. Та бүхэн дотоод асуудлаа дотооддоо шийд. Эрх баригчдын энэ асуудал сүүлийн сарын хугацаанд үргэлжиллээ. 65-ын бүлэгт монголын ард түмний итгэл, сэтгэл, монголын хувь заяа байгаа гэдгийг та бүхэн ойлгооч гэж хэлмээр байна. Энэ асуудал чинь сунжирсаар хоёр, гуравхан хүний хэрүүл, хэдэн хүний өш хонзон шиг болж хувираад байна. Энэ Монгол Улсад улстөрчдийн ухамсар, ёс зүй гэж байхгүй боллоо. МАН-ын бүлэгт хандаж хэлэхэд, энэ асуудлаа хурдан нэг тийш нь шийдээчээ гэж хүсэх байна. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн энэ эрх баригчдын үйл ажиллагаанд дүн тавьсан нь үнэн. Хэд хэдэн хуулиуд зөрчигдсөн нь ч үнэн. Төрийн албыг чанаргүй болгосон. Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд 22 мянган төрийн албан хаагчдыг ажлаас нь халаад, ямар ч туршлаггүй хүмүүсийг авсан. Үүнээсээ болж дотоодын улстөрийн үл ойлголцол үүссэн гэдэг нь туйлын үнэн. Тиймээс үүндээ зөв дүн шинжилгээ хийгээсэй гэж бодож байна. Энэ асуудлаа маш хурдан шийдвэрлэхгүй бол монголын ард түмний итгэл сэтгэл дахин унах гээд байна" гэлээ. Энэ мэтээр гишүүд саналаа хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар гишүүдээс санал хураав. Засгийн газрыг огцруулах саналыг байнгын хорооны гишүүдийн 47,1 хувь нь дэмжиж уг санал олонхын тоонд хүрээгүй тул уналаа. Тодруулбал, хуралдаанд нийт 17 гишүүн орсноос 9 нь буюу 52,9 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Б.Ундармаа, Н.Энхболд, н.Цэрэнбат, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Б.Батзориг, Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Тогтохсүрэн нар байсан бол Ардчилсан намаас Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар байжээ. Харин АН-ын гишүүн Б.Наранхүү, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суугаагүй юм.