Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 81 хувьтай үргэлжилж буй. Үерийн хамгаалалтын барилга, байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд 117 байршилд 2835.12 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэн, тээвэрлэжээ. Мөн 13 байршилд 874 метр шугам, хоолойг угааж, давхардсан тоогоор 59 байршлаас 26,691 шоо метр усыг соруулсан байна. Нийт 276 худагт засвар хийж, 133 сувгийн тагийг нөхөж тавьжээ.
ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Энэ онд Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Архивчдын гудамж, “Алтай” хотхоны урд, Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам гэсэн дөрвөн байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсраад байна. Түүнчлэн, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний хүрээнд 23 байршилд 26.5 км сувгийг цэвэрлэж, 19,304.6 шоо метр лаг хагшаасыг тээвэрлэсэн. Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн дуусгахаар ажиллаж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Инженерийн байгууламжийн нэг байгууллагын ажил доголдоход бусад ажилд саад учирна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлын уялдаа холбоог хангах зорилгоор энэ уулзалтыг хийж, тулгамдсан асуудлуудын талаарх мэдээллийг авч байна. Арга хэмжээ авах шаардлагатай байршлуудыг тодорхойлж, тухайн байршилд холбогдох албаныхны хамт ажиллан, тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэхээр ажиллана” хэмээлээ.