Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц:
-Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьтай байгаа. Эдгээрийг айл өрхүүд өөрсдөө хөрөнгөө гаргаж солих учраас гүйцэтгэл хангалтгүй байна. Мөн явган хүний зам дээрх худгийн түвшнийг тааруулах ажил бүрэн дууссан. Өнгөрсөн жил Энхтайваны гүүрний хажуу талд хагарсан 300-гийн шугам энэ жил мөн хагарсан. Гэмтэл их гарч байгаа учраас зураг төсөв хийж, шинэчлэх шаардлагатай байна гэлээ.
“Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү:
-Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 32 төрлийн ажил төлөвлөснөөс 100 хувийн биелэлттэй 23 ажил, гэрээ хийсэн долоо, тендер зарлаад амжилтгүй болсон хоёр ажил байна. Төлөвлөгөөний биелэлт 85.5 хувьтай. Цэвэрлэх байгууламжийн лаг хуваарилах барилгын ажил болон элсний талбай чөлөөлөх ажлуудын хувьд тендер зарласан ч үнэлгээ багадсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ороогүй. Гүний худгуудын цуглуулах шугам муудаж, усны алдагдал их болсон тул 600 метр шугамыг хуванцар шугамаар шинэчилсэн. 2018 оноос хойш 15.1 км шугам сүлжээг доторлосон. Энэ жилийн хувьд 1440 метр шугамыг доторлолоо. Европын холбооноос ирэх бараа материалын нийлүүлэлт удааширсантай холбоотойгоор доторлосон шугам бага байгаа гэв.
“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хувьд энэ жил 108 ажил төлөвлөсөн бөгөөд биелэлт 100 хувьтай байна. Мөн Сэлбэ дулааны цахилгаан станц нүүрсний хагас сарын, халаалтын зуухнууд долоо хоногийн, шингэрүүлсэн хийн түлшний 15 хоногийн нөөцтэй байгаа аж. Тус байгууллагын хувьд 61, 120, 124 дүгээр сургуулийн зуухны хүчин чадлыг бага хэмжээгээр төлөвлөсөн нь хүндрэл учруулахаар байгааг онцолж байлаа.