МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Энэ асуудлаар завсарлага авах эсэхийг намын бүлэг дээр хэлэлцсэн. Улмаар олонхийн саналаар завсарлага авахгүй гэж шийдсэн гэдгийг МАН-ын бүлгийн зарим гишүүд мэдэгдээд байгаа. Тэгвэл тэрбээр хууль зөрчин завсарлага авсан гэх асуудлаар мэдээлэл өглөө. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Огцруулах асуудлаар бүлэг дотроо ойлголцохыг хичээж чамгүй ажиллаж байна. Ойлголцох байх гэж итгэж байгаа. Бүлэг өчигдөр хоёр ч удаа хуралдах гэж цугласан. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд хуралд оролцохгүй ээ гээд ороогүй. Ер нь бол завсарлага авна гэдгийг бүлгээр шийдсэн. Засгийн газрыг огцруулах үндсэн гурван шалтгаан өөрөө бодитой мөн үү, биш үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх. Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал өөрөө хурдасч, нийгмийн анхаарлыг татсан нь гарцаа байхгүй Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаас үүдэлтэй. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Нийгэмд тагнаж чагнасан гэх буруу ойлголт өгч байна. Улстөрчид өөрсдөө хэн нь хэнийгээ тагнаж чагнаад байгааг ойлгохгүй боллоо. Төрийн тусгай албадад үүрэг өгсөн юм уу, эсвэл өөрсдөө тагнаж чагнасан юм уу гэдгийг ялгаж салгах ёстой. Улстөрчдийг хооронд нь хагаралдуулж байгаа учраас ялгаж салгах нь зөв гэж үзсэн хэрэг. Тиймээс Тусгай хяналтын дэд хороо заавал хэлэлцэх учиртай юм. Би хууль зөрчөөгүй. Бүлэг дээр Бага хурлаа чуулганаас өмнө хойно хуралдуулах уу үгүй юу гэдгийг хэлэлцэх байсан. Өчигдөр огцруулах гарын үсэг зурсан гишүүд хуралдаа ирээгүй. Тэр хурлаар шийдсэн. Хуулийн хугацаа маргааш дуусна. Тиймээс хэлэлцэж амжина” гэлээ.