Г.Занданшатар: Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудалтай холбогдуулан маргаашийн хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Эрхэм гишүүд ээ, сүүлийн үед хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна. Өдөр бүр хүүхдийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөж тухай мэдээлэл гарах боллоо. Хүүхэд авто замын хохирогч болж байна. Амь насаа алдаж байна. Бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болоод бусад орчинд хүчирхийлүүлж байна.

Хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх,  ялгаварлан гадуурхах, хүний наймааны золиос болж байгаа ноцтой мэдээлэл байна. Хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байна. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна. Сургуулийнхаа хажууд машинд дайруулж байна. Цонхоор унаж амь насаа алдаж байна. Ээжтэйгээ хамт угаартаж байна. Монгол Улсад 30 жил хайж байгаа, сураг нь огт гараагүй 20 орчим хүүхэд байна гэх  мэтээр Монгол даяар эмэгнэлтэй аймшигт үйлдлүүд гарсаар байна. Хүүхдийг гэр бүл, сургуулийн орчинд хэрхэн анхаарах талаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй байна. Монголд хүүхэд хамгаалал хангалтгүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах холбогдох байгууллагууд  үүргээ  хангалтгүй биелүүлж байна. УИХ-ын гишүүд онцгой анхаараач ээ.

Хүүхдийг төрснөөс хойш 18 нас хүртэл төр хамгаалах үүрэгтэй. Төрийн байгууллагаас эхлээд гэр бүл нь  хүртэл хүүхдийг хамгаалах ёстой юм. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхгүйгээр хүүхэд хамгаалах тухай асуудал ярихгүй. Хүүхдэд ээлгүй улс орны ирээдүй бүрхэг болно. Хүүхэд бол улс орны ирээдүй, маргааш юм. Манай нийгмийн ёс зүй хүүхдэд дэндүү ээлгүй байна. Хүүхдэд эрсдэлтэй орчин бий болсон байна. Зөвхөн өөрийн хүүхэд гэхгүй бусдын хүүхдийг ч гэсэн өөрийн мэт хайрлан энэрэх монгол ёс жудаг алдагджээ. Тиймээс хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх чухал байна.

Үүний тулд хүүхдийн эрхийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхэд хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэйчүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Холбогдох байгууллагууд ойрын үед шийдвэртэй алхам хийхийг үүрэг болгож байна. Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана.