Хангайн уулархаг нутгаар, маргааш өдөр Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тус газраас мэдээлснээр аравдугаар сарын 6-нд нутгийн төв хэсгээр, 7, 8-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүй аж.
Аравдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө -4+1, өдөртөө 7-12 хэмийн дулаан байх нь.
Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо, уулаараа цас орно. Салхи секундэд 6-11 метр бөгөөд шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 1-3, бусад хэсгээр 5- 7, өдөртөө 7-9 хэм дулаан байна.