Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.10.10) төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор D- parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар танилцуулсан юм.
D- parliament цахим системийн Засгийн газар цэсэнд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулсан бөгөөд Монгол Улсын 2024 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага түүнчлэн орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг зэрэгтэй дэлгэрэнгүй танилцаж болох аж. Мөн Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүд, өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувьтай танилцах боломжтой юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ард иргэдийн мэдэх эрхийг хангаж, парламентын хяналт шалгалтын тогтолцоог шинэчилсэн. Энэ дагуу Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдаж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал хяналт шалгалтын түр хороог байгуулах эрх зүйн орчныг бий болгосноор олон асуудал ил тод болж, хөндлөн хяналтын тогтолцоо бүрдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн босоо хяналт болон хариуцлагын тогтолцоо гэж байсан бол бид нийт ард иргэд, олон нийтийн хяналт, хариуцлагад тулгуурласан хэвтээ, хөндлөн хяналтын тогтолцоо бий болгож байгаа ач холбогдолтой. Тийм ч учраас D-Parliament цахим системд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.