“Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ 4 дэх өдрөө үргэлжилж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд хэлэлцэж байгаа юм.
Өнөөдрийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын гарцын гуравны нэгийг бүрдүүлж байгаа боловсруулах үйлдвэрлэлийн салбарын оролцоо эдийн засгийн өсөлтөд хангалттай биш байгаа нь анхдагч түүхий эдээс хэрэглэгчийн шаардлагад нийцсэн боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх шаардлага бий болсныг илтгэж байна.
Тиймээс бид хөгжлийн бодлогыг урт хугацаагаар төлөвлөн байгалийн баялагт тулгуурласан, уур амьсгалаас хамааралтай үйлдвэрлэлээс мэдлэг оюунд суурилсан, нэмүү өртөг түлхүү шингэсэн, аж үйлдвэрлэл, мэдээлэл холбооны технологид суурилсан үйлчилгээнд шилжих зорилт тавиад ажиллаж байна.
Түүнчлэн, хүрэн эдийн засгийн хөгжлөөс ногоон болон мэдлэгийн эдийн засагт шилжихэд өнөөдрийн яриа шийдлүүд чухал гэж үзэж байна. Мэдээж уул уурхайн салбарыг бүхэлд нь үгүйсгэх, үнэгүйдүүлэх бус, хөгжлийн дараагийн эрин үед хөл нийлүүлсэн мэдлэгт суурилсан уул уурхай хийгээд нийгмийн хөгжил нь Монгол Улсын хөгжлийн бодлогын төвд байх болно” гэсэн юм.
Чуулганы эхний өдрүүдэд эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг танилцуулж байгаа юм.
Оролцогч талууд шуурхай, нээлттэй, нэгдмэл байдлаар хамтарч ажиллах салбар хоорондын уялдааг хангах асуудлыг хэлэлцэж байна.
Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.