Манай улс 56.4 мянган тонн мах экспортлоод байна. Үүний 89 хувийг БНХАУ-д, 6 хувийг Иран улс руу гаргажээ. Мөн БНХАУ-ын Гаалийн газар манай улсын 4 аж ахуйн нэгжид мах экспортлох зөвшөөрлийг өнгөрсөн 7 хоногт шинээр олгоод байна. Ингэснээр урд хөрш рүү мах экспортлох ААН-ийн тоо нэмэгдэж байна.
ХХААХҮЯ-ны мэдээгээр БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 14, халал аргаар боловсруулсан мах гаргах эрхтэй 7 ААН байна. ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах 30 гаруй, нөөшилсөн бэлэн бүтээгдэхүүн гаргах 13 ААН үйл ажиллагаа явуулж байна.
Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн гаргахад өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус 5-6 байгууллага оролцож бичиг баримт гарган өгч байсан бол одоо цахимаар шууд авч, олгодог болоод байна.
Тодруулбал, махны экспортын зөвшөөрлийг энэ оны 7 дугаар сарын 1-нээс цахим хэлбэрт бүрэн шилжүүлжээ. Ингэснээр экспортлогч ААН-үүд мах экспортлох хүсэлтээ нэг л удаа гаргана. Мал эмнэлгийн ерөнхий газраас олгодог Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, МҮХАҮТ-аас авдаг байсан гарал үүслийн гэрчилгээ, Стандарт, хэмжил зүйн газраас гаргадаг тохирлын гэрчилгээ, Гаалийн хорио цээрийн газраас авдаг Мал, махны экспортын гэрчилгээ гэсэн экспортын бүрдүүлэлтийн үндсэн бичиг баримтыг цахимаар шууд авдаг, олгодог болоод байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид бүтээгдэхүүний дээжээ өгч шинжлүүлсэн дүгнэлтийг тухайн ААН-д шууд олгож байна.
Ташрамд, ХХААХҮЯ-наас махны экспортын тоо, бүртгэл, хязгаарлалтын талаар Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлд саналаа хүргүүлснээр тус зөвлөл 2023 оны 10 дугаар сараас 2024 оны мөн 10 дугаар сар хүртэлх хугацаанд бүх төрлийн малын мах, махан бүтээгдэхүүний тоо, хэмжээг хязгаарлахгүй буюу квот хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлээд байна.
Эх сурвалж: montsame.mn