Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаан боллоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “ Дэлхий нийтийн нөхцөл байдал биднээс гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг шаардахын зэрэгцээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв менежмент, зөв төлөвлөлт, зөв тогтолцоо, сайн засаглал, сахилга хариуцлагыг мөн давхар шаардаж сануулсаар байна. 2015-2022 оны мэдээгээр гамшгийн өмнө урьдчилан сэргийлэх зардал мөнгөн дүнгээр харахад нэмэгдсэн мэт байгаа хэдий ч улсын төсвийн 0,02 хувийг эзэлж байгаа нь гамшиг аюулт үзэгдлээс сэргийлэх, ослын дараа гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгоход зарцуулсан зардалын улсын төсөвт эзлэх хувь, одоогийн гамшгийн бэлэн байдлын чадавхтай харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Олон улсад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сайн туршлагууд болох бонд гаргах, эрсдэлийн сан бий болгох, даатгал, давхар даатгалд хамруулах зэрэг эрсдэлийн санхүүжилтийн орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратеги, төлөвлөгөөг хэрэглэж буй улс орнуудын туршлага дээр түшиглэн боловсруулах, Гамшгийн эрсдэлийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай байгааг энд онцлон хэлмээр байна” гэлээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Хуралдаанаар зөвлөлийн 2022-2023 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцэн баталж, Шадар сайд С.Амарсайхан Гамшгаас хамгаалах тухай хуулийн болон Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам”-ын 3.2-т заасныг тус тус үндэслэн, хэлэлцсэн асуудлаар арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.