11 дүгээр сарын 9-ний өдрийн хиймэл дагуулын зургаар нийт нутгийн 57 хувь цасан бүрхүүлтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, нийт нутгаар 0.0-36.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Үүнээс:
- Төв аймгийн Эрдэнэсант суманд 36.0 см,
- Өндөрширээт сумын нутагт 24.0 см,
- Увс аймгийн Малчин суманд 21.0 см,
- Мөн Увс аймгийн Түргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Булган аймгийн Могод сумын нутагт 19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см зузаан цастай байгаа талаар ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал мэдээлэл өгөв.
Тэрбээр энэ сарын 14-15-нд ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж буйг мэдээллээ. Дээрх төлөв байдал нь өвөлжилтийн байдлыг улам хүндрүүлж, зудын эрсдэлийг бий болгох тул иргэдийг хол замд гарахгүй байх, мал сүргээ ойрын бэлчээрт, нөмөр нөөлөг газар бэлчээх, өвс, тэжээлээ ойр дөхүүлж бэлтгэх зэрэг урдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг нийт малчид, тээвэрчдэд анхаарууллаа.