Цасан шуурганы улмаас төөрч, сураггүй болоод байсан 334 иргэнийг эсэн мэнд олж, амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан баг бүрэлдэхүүн өнөөдөр цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдож нийт 12 сумын нутаг дэвсгэрт 186 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй алга болоод байсан Сүхбаатар аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ аймгийн төвөөс 50 орчим км-т байрлах Баруун-Урт сумын 8-р багийн малчин Ц.Монхорын хотонд очиж, газар дээр нь ажиллалаа.

Ц.Монхорынх өчигдөр 1000 гаруй бог, 100 гаруй үхрээ шуурганд уруудуулж, өөрсдөө малынхаа араас автомашинтай гарсан боловч шуурганд төөрсөн байсныг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй явуулж, гэрийн эзнийг эхнэр Б.Баяраагийн хамт эсэн мэнд олсон байна.

Мал, махны үнэ хямд, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдсэн энэ үед малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа талаар гэрийн эзэгтэй Б.Баяраа ярилаа.

Энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутаг, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Хэнтий аймагт цасан шуурганы улмаас нийт 335 иргэн сураггүй болоод байсан бол 23-ны 17 цагийн байдлаар 334 иргэнийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бол Дорноговь аймгийн Айраг суманд алга болоод байсан нэг иргэний цогцсыг тус аймгийн ОБГ-ын алба хаагчид олсон харамсалтай мэдээ бүртгэгдлээ.

Одоогоор Онцгой байдлын байгууллагад цасан шуургатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна.