НИТХ-ын ээлжит XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хасах асуудлыг хэлэлцэж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар боллоо.
Уг барилгыг он удаан жил ашиглахдаа тогтмол арчилгаа хийгээгүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоогүй барьсан зэргээс ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Барилгын 1 дүгээр корпусыг буулгаж, түр хашаалсан бөгөөд одоогоор түрээсэлж байсан хуулийн 22 этгээд, 3 иргэнд байр, талбайг чөлөөлөх, түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг хүргээд байгаа. Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар энэ оны 11 дүгээр сарын 3-наас долоо хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга авсан. Үүнд 3262 хүн саналаа ирүүлсний 3122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахыг дэмжсэн юм.
Харин нийслэлийн өмчид СХД-ийн 35-р хорооны ус түгээх байр, 21 дүгээр хорооны гүний худгийн 2 барилга, 79 дүгээр цэцэрлэг, Багануур дүүргийн 4-р хорооны халуун усны барилга, СБД-ийн 281 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, ХУД-ийн 28, 324, 326 дугаар цэцэрлэгийн барилгыг тус бүр бүртгэж авахаар болжээ.