Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө шөнө төв, зүүн аймгуудын нутаг, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэх төлөвтэй байна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

2023 оны 12 дугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 9-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 градус, өдөртөө -3-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -17-22 градус өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна.