МАН: Сонгуулийн бүсчилсэн тойргийн асуудлыг бусад намтай зөвшилцөж шийднэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудал хэлэлцсэн болохыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрбээр “Нэгдүгээрт 2024 оны сонгуулийн тойрог, мандат, товтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Эрчим хүчний болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонслоо. Сонгуулийн тухай хуулиар, хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн тов, автоматжуулсан систем ашиглахтай холбоотой зохицуулалтаар УИХ-аас тогтоол гаргадаг. Үндсэндээ нэг сарын дараа энэхүү товын хугацаа дуусна. Иймд энэхүү асуудлыг хөндөж ярьсан.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар улсын хэмжээнд 76 гишүүний 76 мандаттай 29 тойрог бий. Энэ удаагийн сонгуулийг хэдэн тойргоор зохион байгуулах вэ гэдэг дээр тогтож ярилцаад, нэгдүгээрт УИХ-ын тойргийг шийдвэрлэхдээ 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулж чадах сонгуулийн тогтолцоо байх шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, цаашилцал улс орноо нэг төвтэй биш олон төвтэй болгох, гуравдугаарт сонгуулийн үеэр нутаг усаараа талцдаг юм уу эсвэл мөнгөний нөлөө орж ирдэг асуудлыг бууруулахад анхаарч ярилцлаа. Ингээд бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй хэмээн үзсэний зэрэгцээ бусад намтай зөвшилцөхөөр тогтлоо.

Хоёрдугаарт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санал болгосны дагуу өнгөрсөн шөнө Завхан аймгийн 21 суманд цахилгаан, эрчим хүчний тасалдал гарсан асуудлаар Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов. Одоог хүртэл цахилгаан тасалдсан хэвээр байгаа тул гэмтлийг арилгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ. Мөн шатахууны хангамжтай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоод, нийлүүлэлтийг хэвийн болгох тал дээр яаралтай арга хэмжээ авахыг бүлгийн зүгээс чиглэл болгосон” гэлээ.