МАН: Чуулган завсарлахаас өмнө авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хуулийг батална

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцсэн байна. 

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулган завсарлах дөхөж байна. Энэ сарын 20-дын үеэр чуулган засварлана байх. Бидний өмнөө тавьсан том зорилго бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх явдал хэмээн тодорхойлсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар багтаж батлах нь зүйтэй гэж үзлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Гол нь нэг банкны хувьцаа эзэмшигчдийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй гэх заалт энэ оноос хэрэгжиж эхэлсэн юм. Үүнтэй холбоотой олон улсын байгууллагаас болон банкуудаас хуулийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасан. Иймд энэхүү заалтыг 2026 он болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар олон үйл ажиллагааг хориглосонтой холбоотой Сонгуулийн Ерөнхий хорооноос гишүүдэд мэдээлэл өгсөн” гэлээ.